Сүүлийн хэд хоног нийслэлийн удирдлагуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг нэг дор харахад сонин дүр зураг гарч ирнэ. Хотын дарга, орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгчид хотын түгжрэл, утаа, сургууль, эмнэлэг, дэд бүтэц зэрэг бодлогын асуудлыг ярьж байна уу, эсвэл иргэдийн хайр дурлал, салалт, бэлэг, вакцин, ажлын цагийн талаар амьдралын зөвлөгөө өгч сууна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрөхөөр. Нэг ёсондоо Улаанбаатар хотын удирдлагууд хот төлөвлөлтийн баг гэхээсээ илүү “амьдрал зөвлөх клуб” болж хувирсан мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Гэвч энэ нь зүгээр нэг инээдтэй, сошиалд шоглох хэмжээний зүйл биш. Учир нь ийм мэдэгдлүүдийн цаана энгийн атлаа чухал хууль чимээгүй оршиж байдаг. Тэр нь Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйл буюу “Дураараа аашлах” гэдэг заалт. Энэ заалтад нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, эсвэл бусдын өмнөөс ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёроос таван жил хүртэл хасах, торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай байж болохыг тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл “би дарга учраас бүх зүйлд зөвлөгөө өгч, шийдвэр гаргаж болно” гэсэн ойлголт хуульд огт байдаггүй.
Саяхан нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин эрчүүдэд хандан “хоёр хоногийн дараа үхэх ямааны хоол цэцэг өгөхөөс илүү HPV вакцин хийлгүүл” гэж зөвлөсөн нь олон нийтийн анхаарлыг татсан. Эрүүл мэндийн боловсрол, вакцинжуулалтын ач холбогдлыг сурталчлах нь буруу зүйл биш. Гэхдээ хотын захиргаа вакцинжуулалтын бодлого ярьж байна уу, эсвэл эрчүүдийн бэлэг сонголтыг шүүмжилж байна уу? Нэг л мэдэхэд “сарнай биш сармис аваарай”, “шоколад биш витамин бэлэглээрэй”, “кинонд биш эмнэлэгт дагуулж очоорой” гэх мэт зөвлөмж хотын бодлого мэт сонсогдож эхэлбэл гайхах зүйлгүй болж мэдэх нь.
Үүнтэй зэрэгцээд хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ-20 минутын хот” төслийн хүрээнд ипотекийн шинэ нөхцөлийн талаар ярихдаа заавал эхнэр, нөхөр байх, гэр бүл салбал түрээсийн хэлбэрт шилжинэ гэх мэт тайлбар хийсэн нь мөн анхаарал татав. Гэвч энд нэг бодит асуудал бий. Ипотекийн бодлого бол Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын хамтын механизм дээр тогтдог санхүүгийн бодлого. Харин гэр бүл салсны дараах өмчийн зохицуулалт бол Гэр бүлийн хууль, Иргэний хууль, шүүхийн шийдвэрээр шийдэгддэг тусдаа систем. Тэгэхээр хотын дарга хот төлөвлөлтөөс гадна ирээдүйн гэр бүлийн маргааныг урьдчилан шийддэг шүүхийн үүрэг гүйцэтгэх гэж байгаа юм биш биз гэсэн асуулт гарна. Маргааш нь “хэрэв нөхөр оройтож ирвэл ипотекийн хүү хоёр хувиар нэмэгдэнэ” гэсэн журам гарчихвал гайхахгүй хэмжээнд энэ яриа хүрч очихоор байна.

Үүнээс дутахааргүй анхаарал татсан санал бол НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржийн гаргасан санаа. Тэрээр дугуйгаар ажилдаа ирдэг хүмүүсийг нэг цагийн өмнө тараадаг болох санал дэвшүүлсэн. Байгальд ээлтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нь мэдээж зөв. Гэхдээ НИТХ-ын үндсэн үүрэг бол хотын зам тээвэр, газар ашиглалт, дэд бүтэц зэрэг бодлогын асуудлыг шийдэх явдал. Харин ажлын цагийн зохицуулалт гэдэг нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хуульд хамаарах асуудал. Тэгэхээр хотын дараагийн шийдвэр “явган ирвэл 30 минут, ролик унавал 45 минут, троллейбусанд суувал 10 минут эрт тараана” гэх мэт журам болох вий гэсэн хошигнол хүртэл бодит мэт сонсогдох болов.

Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан 45–55 насныхны салалт нэмэгдэж байгаа талаар тайлбарлахдаа нууц амраг, богино хугацааны харилцаанаас үүдэлтэй дурлалын асуудлыг дурдсан нь сошиал орчинд ихээхэн яриа дагуулсан. Нийгмийн үзэгдлийн талаар байр суурь илэрхийлэх нь мэдээж буруу биш. Гэхдээ энд дахиад нэг асуулт гарч ирнэ. Дүүргийн удирдлага статистик тайлбарлагч уу, эсвэл хайр дурлалын психологич уу. Маргааш нь “дүүргийн хэмжээнд романтик харилцааг зохицуулах журам” гэх мэт зүйл гарвал хэн ч гайхахгүй байхаар болчихлоо.

Эдгээр мэдэгдлийг тус тусад нь харвал жижигхэн, сошиалд хөнгөн сэдэв мэт санагдаж магадгүй. Харин бүгдийг нь нийлүүлж харахад нэг ижил дүр зураг тодорно. Дарга нар аажмаар иргэдийн хувийн амьдралын орон зай руу орж, хайр дурлал, бэлэг, салалт, вакцин, ажлын цаг зэрэг хувь хүний шийдэх асуудлын талаар бодлого мэт ярих болсон нь анзаарагдана. Гэтэл хотын захиргааны бодит ажил бол утаа, түгжрэл, сургууль, эмнэлэг, дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлыг шийдэх явдал.
Харин хэн, хэндээ цэцэг өгөх, хэн, хэнтэй гэрлэх, хэн, хэзээ салж болохыг шийдэх газар бол төрийн байгууллага биш, айл бүрийн хаалга доторх амьдрал.
Иргэд дарга нарт эрх мэдэл өгсөн нь үнэн. Гэхдээ тэр эрх мэдэл хуулийн хүрээнд, албан үүргийн дотор, нийтийн ашиг сонирхлын төлөө хэрэгжих ёстой. Хэрэв дарга нар бидэнд бэлэг сонголт зааж, хайр дурлал шүүж, салалтын шалтгаан тайлбарлаж, ажлын цаг тогтоож эхэлбэл энэ нь удирдлага биш, дураараа аашлах хэлбэрт шилжиж эхэлж байна гэсэн үг. Тэр нь Эрүүгийн хуулийн 22.11.






